Цэцэрлэгжүүлэх төлөвлөгөө гаргах. Үүний хүрээнд ямар хэмжээний талбайг ямар зорилгоор яаж, ямар байдлаар, хэрхэн оновчтой тохижуулж, цэцэрлэгжүүлхээс хамаараад газарзүй, цаг агаарын байдал, өндөржилт, салхины байдал, усалгаа, хөрсний үржил шим, хур тунадас, чийгшлийн байдал зэрэг олон хүчин зүйлийг харгалзан ямар мод, бут, сөөг, сөөгөнцөр тарих вэ гэдгийг өөрийн хүсэл сонирхолтойгоо уялдуулан тооцоолж гаргаж ирнэ. Юуны өмнө тохижилт хийх ерөнхий төлөвлөлт зураглалыг гаргахдаа одоо байгаа байшин, хашаа, зам зэргийг тусгаж өгнө. Дараагаар нь аль зайдаа ямар мод яаж тарих вэ гэдгээ гаргаж ирэх хэрэгтэй. Нэгэнт зай талбай хязгаарлагдмал, модны ургах орчин нь янз бүр, ямар мод хэдий хэмжээтэйг тарих вэ гэсэн хүсэл сонирхол хүн бүрт өөр өөр байдаг учир бүх зүйлсийг байгаа нөөц боломжтойгоо уялдуулах хэрэгтэй болдог. Иймд танд өөрийн эзэмшил газартаа цэцэрлэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө хийхэд цэцэрлэгжүүлэлт талаасаа юун дээр анхаарах талаар зарим санаануудыг санал болгож байна. Дараагаар нь ургах орчин, байгалийн нөлөө хүчин зүйлс болох салхи, нарны тусгал, хөрсний үржил шим, гадаргуйн байдал, гадны нөлөө, чийгшил, нөмөр байдал, усалгаа, усалгааны амар байдал, дундуур нь явах арчлах зай, харагдах байдал зэрэг олон зохилдолгоог нь тооцож байж таривал аливаа мод ургамлын ургах чадвар, үр шим, харагдах байдал зэрэг нь сайн байдаг. Таналт тайралтыг зөв хийснээр жимсний модны үр жимс нь хэмжээгээр том, илүү ургац авах боломжтой болж цөөн модноос их хэмжээний ургац авах боломтой болдог. Тиймээс юун түрүүнд тооноос илүүгээр ургамалын чанарт анхаарч бага талбайгаас өндөр ашиг шимтэй байх боломжтой болдог. Мөн бага талбайд өнгө үзэмж хэлбэр сайтай зөв ургалттай, өндөр ашиг шимтэй, өвчлөл бага, ургалт сайтай байх бүх боломжийг мод арчилгааны салшгүй том хэсэг болох таналт, тайралт, хэлбэржүүлэлт, үржүүлгийн талаарх мэдлэг олгодог тул “Айл бүр арван мод тарья” facebook группээс санаачилсан санаачлагын хүрээнд энэ талаарх мэдээлэл өгье.
Юун түрүүнд мод хоорондох зай барих нь ямар ч модны эрүүл зөв ургалтын үндэс нь байдаг учир хоорондын зайг нь анхнаас сайн барих ёстой. Модныхоо ургах зайг 10, 20 жилийн дараа энэ мод ямар хэмжээтэй болж ургах вэ гэдгийг тооцож талбайдаа анхнаас нь тарихдаа зөв тооцох нь чухал. Газрын гадарга дээр модны мөчрүүд нь хоорондоо шүргэлцэж, нар салхи нэвтрүүлэхгүй болвол өвчлөл үүсэхээс гадна харагдах байдлаасаа хүртэл зохимжгүй болдог. Түүнчлэн үндэс нь хөрсөн доор нэлээд талбайг эзэлж тарж ургадаг учир хоорондоо үржил шимээ булаацалдан барьцалддаг учир шүргэлцэхгүйгээр хангалттай сийрэг тарьж ургахаар зайг нь тооцох нь чухал. Энэ хоёр зайг л сайн тооцож байж мод сайн ургана. Мод дээшээ 1 метр өндөр ургаж байгаа бол доошоо багадаа л хагас метр, өргөн нь модныхоо диаметртай ижил хэмжээтэй үндэс нь ургана. Мод доошоо хичнээн сайн ухаж хөрсөө бордон сийрэгжүүлж бэлдэнэ дээшээ төдий сайн ургана гэдэг харьцааг л юуны өмнө ойлгох ёстой. Навчит ба шилмүүст модууд нь бүгд том болох мод. Энэ моднуудыг наанадаж хоорондын зайг нь багадаа 6 метр байхаар тарих хэрэгтэй. Тухайлбал гол иштэй навчит болон шилмүүст өндөр ургадаг модноос улиас, улиангар, тоорой, хус, гацуур, нарс, шинэс, хуш, жодоо зэрэг олон жил насалдаг 10-40м ургадаг. Гол ишгүй модолж болон буталж ургадаг бутлаг модууд болох шар хуайс, харгана, голт бор, монос, өрөл, хайлаас, долоогоно, чацаргана, гандигар, долоогоно, бургас, бүйлс, гүйлс зэрэг нь 8м хүртэл өндөр ургадаг. Харин голдуу жимсний бутлаг модууд болох үхрийн нүд, интоор, тошлой, тэхийн шээг, улаалзгана, бөөрөөлзгөнө, далан хальс, сарнай, нохойн хошуу зэрэг бутнууд нь дунджаар 2м хүртэл өндөр ургадаг. Харин сөөгөн гэгдэх бутлан ургадаг модлог ургамалууд болох боролзгоно, тавилгана, арц, зээргэнэ, тэсэг, бударгана, даль, нэрс зэрэг нь өвдөг ташаагаар татам намхан юм. Мэдээж модны ургалтын хэмжээ мод бут сөөгнөөсөө шалтгаалаад өөр өөр байх хэдий ч өвчлөлт, ургалт, үр өгөөж зэргийг тооцон зайг нь тохируулах нь зөв хэлбэртэй ургах анхдагч нөхцөл болдог. Харин шилмүүст модууд нь өөрийгөө хэлбэржүүлэн ургадаг учир гол нь хоорондох зай болон ургах орчинд нь анхаарах хэрэгтэй.
Модны хэмжээнээс шалтгаалан нүх буюу тогоогоо ухаж бэлтгэнэ. Навчит болон шилмүүлс мод нь гол ганц иштэй учир бие даасан байдлаар зай талбай авч, өөртөө орчин бүрдүүлж, бие дааж ганц ганцаараа ургадаг учир тогоолж тарих нь зүйтэй. Үүний тулд хэдий жижиг хэмжээтэй суулгац тарьж байсан ч гэсэн хамаагүй ирээдүйн ургалтыг бодож нүхээ болж өгвөл өргөн бөгөөд сайн гүнзгий ухаж хөрсийг сайтар бэлдэн бордон сийрэгжүүлж бүтэцийг модонд нь тохируулж бэлдэх нь чухал. Мод тарихдаа нүхээ томоор гүн бэлдсэн ч модоо гүехэн тогоонд нь ус хуримтлахаар ерөнхийдөө газрын түвшинтэй чацуу шахам суулгах нь зөв. Суулгац суулгах үед хөрсийг ханатал усалж, үндсийг эрчимтэй хөгжих нөхцөл бүрдүүлнэ. Харин бутлаг модны тухайд усалгааны амар байдал болон онцлогоос нь хамааруулж тогоолж болон шуудуулж тарьдаг. Бутлаг модны тогоог газрын түвшингээс доош байлгаснаар гадаргын илүүдэл усыг шингээх боломж бүрдүүлнэ. Тухайлбал монос болон өрөл зэрэг бутлаг мод нь зөв танаж хэлбэржүүлбэл ганц гололсон бүдүүн иштэйгээр өндөр ургадаг бол харин байгалийнх нь зөнгөөр орхивол олон иш гарч бургас шиг буталж ургадаг. Дараагаар нь дээр дурдсанчлан голдуу олон нэр төрлийн жимсний модлог болон сөөгөн бутыг усалгаа, арилгаа, үр жимс хураалт, үржүүлэг, таналт зэрэг олон хүчин зүйлийг нь бодон эгнээ гарган хооронд нь явах зайг нь тооцоолж шуудуулж тарих нь илүү оновчтой байдаг. Сүүлийн тарих арга бол цэцэрлэгжүүлэлтэд зориулж үзэмжийг нь гарган мандал үүсгэн бүлэглэн тарьж болно. Модыг ганц нэгээр нь эсвэл бүлэглэж, мөн шуудуулж эгнүүлэн тарьдаг ба энэ нь усжуулалтын систем болон усалгааг оновчтой болоод хялбар байдлаар шийдэхтэй уялдуулдаг гэсэн үг. Хүмүүс модны тогоог зөвхөн усалгаанд хэрэгтэй гэж боддог. Гэтэл үүний дараагийн ач холбогдол нь модны ёроолын хөрсөн дээр нар тусаж элч нэмэн хөрсийг бүлээцүүлж байж үндэс нь илүү тэлж сайн ургадаг. Мөн өвс ургамлын үндэс бас модныхоо үндэстэй барьцалддаг учир тэр хэсгийн өвс ургамалыг авч хөрсийг сийрүүлэх чухал байдаг. Тарьсан мод бутны орчин тойрны хөл газрын ургамлыг цэвэрлэж, хөрсийг сийрүүлнэ. Хөл газрын ургамлыг мод бутны суулгац тарьсан эхний 3 жилд ургалтын хугацаанд 6-аас 8 дугаар саруудад тус бүр 1 удаа түүж эсвэл хадаж цэвэрлэнэ. Цаашид жилд 1-ээс 2 удаа хийнэ. Цаашид суулгасан мод бутны нүхийг услах, бордох, хөл газрын ургамлыг устгах, хөрс сийрүүлэх болон титмийн мөчрийг тайрч хэлбэржүүлэх арчилгааг цаг хугацаанд нь тогтмол хийнэ.
Мод үрсэлгээ сонгон авахад анхаарал зүйлс. Мод, бут, сөөг тарихдаа тарьц суулгацыг хэрхэн сонгох вэ? Юуг нь харвал зүгээр бол? Ямар мод сонгох вэ? гэсэн асуулт анхлан суралцагсдад байнга тулгардаг. Ерөнхийдөө бол мод бутыг сонгохдоо стандарт өндөртэй, 2-3 настай, мөчрийн салаалаг ихтэй, цэх шулуун иштэй, зөв ургалттай, үндэсний систем сайтай, үндэс нь гэмтэж хатаагүй, зөв титэмтэй, салаа оройгүй, оройнх нь нахиа гэмтээгүй, цаашид бутлан ургах бололцоотой залуу нахиа найлзуур ихтэй ямар нэгэн өвчин хортонд нэрвэгдээгүй эрүүл суулгацыг сонгож авна. Заавал их том мод тарих гэхийн хэрэггүйн учир нь ямар нэг байдлаар шилжүүлэлтийн явцад үндэс нь гэмтсэн хатсан орчин солигдсон учир дасан зохицох, ургах чадвар муу байдаг. Хаврын суулгац тарихад оройн нахиа иш хатсан эсэхийг сайн шалгаж авах хэрэгтэй. Оройн нахиа хатсан эсэхийг мэдэхийн тулд суулгацын мөчир болон үзүүрийг нугалж үзнэ. Орой нь хатаагүй суулгацын үзүүр уян зөөлөн байна. Харин тарих хугацаанд суулгацын үндэсний системийг аль болохоор гэмтээхгүй шороотой ухаж авах ба үндсийг хатаахгүй, наранд ил тавихгүй байх нь чухал. Мод мэддэг хүн өндрийг нь биш үндсийг нь хардаг. Үндэс нь сайн байвал жилийн дотор тэр мод 1-1.5 метр өндөр болоод ургачихна. Үндэс муутай бол хэчнээн өндөр мод авч тариад ямар ч нэмэргүй. Ер нь жижиг мод дасан зохицохдоо маш сайн байдагын дээр ургалт нь илүү байдаг. Мөн мод үржүүлгийн мэргэжлийн газраас сонгож, шилж авбал сайн. Түүнээс биш автобусны буудал дээр зарж байгаагаас бус. Эсвэл ой модноос хулгайгаар авчраад зарж байгаа мод ургах магадлал маш бага. Яагаад гэвэл 5, 10 жил ургачихсан модны үндсийг ухаж авахад тийм томоор нь хялгасан үндсийг хүртэл гэмтээхгүйгээр авч чаддаггүй. Тиймээс ургах магадлал нь бага байдаг. Мөн манайд импортоор авчирч байгаа ургамалын хувьд манайд нутагшуулсан, дасаж зохицсон, хүйтэнд тэсвэртэй ургадаг, өндөр ургац өгөх, үржих боломжтой соортын мод ургамал сонгох хэрэгтэй. Зарим суулгац нутагших эсэх нь бүрхэг ба тухайн газар орондоо дасаж ургах гэж цаг их ордог учир нутагшсан, эрдэм шиншилгээний ажил хийгдсэн модыг үржүүлж тариалвал үр дүнтэй нь харагддаг.
Таналт, тайралт, хэлбэржүүлэлт ямар зорилготой вэ. Хотын мод байгалийн нөхцөлд ургаж байгаа модноос тэс өөр байдаг. Ялангуяа хотын нягтаршил ихтэй хэсэгт мод маш сайхан үзэмжтэй дүр төрхийг харуулж үүгээрээ хүмүүст амгалан тайван сэтгэгдлийг мэдрүүлж байх ёстой. Хүмүүс мод тар
ихдаа хоорондох зайг нь зөв тооцдоггүйгээс болж, орчин нөхцөл тохироогүйгээс, арчилгаа муутайгаас үүдэн ургах ерөнхий нөхцөл алдагдаж буруу ургалттай болдог. Модыг зөнгөөр орхивол нэг дороос хэд хэдэн шилбэ үүсэж ургах учир багаас нь зөв арчлан хэлбэржүүлж чадваас ганц бүдүүн гол шилбэтэй, өргөн саглага
р титэм бүхий хэлбэртэй мод ургана. Гол ишнээс бусад ургасан шилбэ бүрийг тайрч авч жил бүр таналт хийж байж зөв хэлбэртэй ургуулдаг. Мод сөөгний титмийн жигд өсөлт, гадаад үзэмжийг
харгалзан хавар эрт, намар орой титмийг хэлбэржүүлж засаж танах, үхэж, хатсан мөчрөөс цэвэрлэж, шинээр салаалсан хажуугийн мөчрийг тайрч, иш гаргаж хэлбэржүүлэх, залуужуулах, цэвэрлэгээний огтлолтуудыг хийдэг. Залуужуулах тайралтаар өсөлт нь зогсонги байдалд орсон, хөгширч муудсан, үхсэн мөчрүүдэд, найлзуур нь үзүүрээсээ хатаж байгаа мод, сөөгөнд хийнэ. Цэвэрлэгээний тайралтаар мод, сөөгөнд өвчин, хортны голомт үүссэн, гэмтсэн, буруу ургалттай, хатаж хуурайшсан мөчир, найлзуурыг цэвэрлэх зорилгоор хийнэ. Мод, сөөгийг хэлбэржүүлэх тайралт нь гурвалжин, бөөрөнхий, дөрвөлжин, баганан, гэх мэт олон янз байна. Хугарсан, гэмтсэн, мөчир, найлзуурыг хурц хутга, мөчир тайрагч хайчаар эгц огтолж тэр хэсэгт будаг түрхэж хамгаадаг. Мөн модны доод ишийг нарны төөнөлтөнд түлэгдэж гэмтэх, шавьж, өдөр шөнийн температурын хэт хэлбэлзлээс хамгаалах зорилгоор шохойн уусмалаар будна. Түүнчлэн үржүүлгийн ажилд тайралтыг ашиглан модоо хэлбэржүүлэн засч залуужуулахаас гадна шинээр өндөр ашиг шимтэй соортуудаа үржүүлэх боломжтой болдог. Тайралт, хэлбэржүүлэлт, хяргалтыг маш сайн даадаг мод бутаар цэцэрлэгжүүлэлт хийх, амьд хайс, хашлага, салхины хамгаалалтын үе хийхэд өргөн ашиглагддаг. Модыг сийрэгжүүлэх, залуужуулах, зам тээврийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тайралт таналтыг тодорхой хугацаанд, тодорхой үе шаттайгаар хийдэг. Огтлолыг хийх хамгийн тохиромжтой үе нь модны тайван байх ичмэл үед нь нахиа хөөхөөс өмнө хийх нь зүйтэй. Цэцэрлэгийн хутга, хайч, татуургатай ба татуургагүй хөрөө, цахилгаан хөрөө, хадуур, мөчир огтлогч, залгалтын хутга, зэрэг багаж хэрэгсэлүүдийг сонгож ашиглана.
Таналт болон тайралтын ач холбогдол нь. Нэгдүгээрт гэмтсэн хатсан өвчилсөн хэсгийг авсанаар ургалтыг эрчимжүүлдэг. Юун түрүүнд хатсан ба цаашид ургах чадваргүй хэсгийг модноос тайрч авах хэрэгтэй. Энэ нь түүний ургалтанд сайнаар нөлөөлнө. Хатсан мөчир салаа нь модон дээр байх нь үндэсний системд ачаалалд өгч цаашдын ургалтын байдалд саад болсоор байдаг. Хатсан мөчир салаа нь бусад хэсэгүүддээ нөлөөлж модны чийгийг алдагдуулах шалтгаан нь бас болдог. Шилжүүлэн суулгахын өмнө суулгацыг шалгаж хугарсан гэмтсэн мөчир, өвчилсөн мөчрийн хайчаар тайрна. Хоёрдугаарт гол ишийг гаргаж салаалсан болон цууран хугарч болох мөчрүүдийг тайрч авах. Мод ганц гол бүдүүн иштэй байснаараа ачаалал сайн даах чадвартай болж үндэснээс ирэх шим тэжээлийн зөв хувиарилалттай болж эрмчимтэй жигд зөв хэлбэртэй ургах нөхцөл бүрддэг. Салаа мөчрүүдийг угаар нь тайралт хийх бөгөөд тэр хэсэгтээ чийг алдалтаас сэргийлж будаж байх хэрэгтэй. Өндөр ургадаг модны хувьд гол ишэнд газраас дээш эхний мөчир хүртэл тодорхой зай авч будан хамгаалж байвал элдэв хортон шавжинд идэгдэхгүй болж хөлдөлтөөс хамгаалагддаг. Гуравдугаарт тайралт ба таналт нь салаа мөчрүүд дээр хийгдсэнээр ургалтын эрчим гол иш дээр төвлөрч ургалтыг дэмжиж байдгаараа түүний өндрийн өсөлтөд дэмжлэг болж зөв хэлбэртэй болдог. Аливаа навчит болон бутлаг мод нь байгалийн жамаараа хоорондын зай, нарны тусгал, салхиний нөлөө, үр жимсээ өгөх гэж салаалан олон гол иштэйгээр буталж ургадаг. Дөрөвдүгээрт үндэсний системийг бэхжүүлдэг. Эхний жилд суулгаж байгаа модонд туршлагатай ургуулагч нар тайралтыг хүчтэй хийдэг. Энэ нь тухай мод шилжүүлэн суулгалтын ба худалдааны явцад үндэсний систем нь тодорхой хэмжээгээр гэмтсэн ба чийгээ алдсаны улмаас стресст орсон байдаг. Ингэхдээ тайралтыг модлог ургамлын салаа мөчрүүдэд хийнэ. Тав дугаарт тайралтыг мөн жимслэлт нэмэгдүүлэх, хэлбэр засах, ногоон масс нэмэх, тохиромжтой хэлбэр болон өндөрт ургуулах зэргээр тайралт хийдэг. Эцэст нь мөчир салаагаар бэлтгэн үржүүлэх болон залгалтын аргаар үржүүлэх гэх зэрэгт энэхүү аргаар тайралтыг хийх гүйцэтгэдэг.
Хэлбэржүүлэлтийн ач холбогдол нь. Шилмүүст мод нь өөрөө оройн гол титэм иштэй бөгөөд үүгээрээ дамжин дээш урган өөрийгөө жигд хуулбарлах зарчимаар мөчирлөж ургадаг учир ямар нэгэн гадны оролцоогүйгээр өөрөө хэлбэржин ургадаг. Харин навчит болон бутлаг модны хувьд зөв ургалтын хэлбэр гаргах үүднээс багаас нь эхлэн гол иш үлдээн зөв хэлбэртэйгээр хэлбэржүүлэн ургуулах арилчилгаа шаарддаг. Юун түрүүнд гол ишийг нь барьж ургуулах зарчимтай бөгөөд дараагаар нь мөчрүүдийг нь зөв хэлбэртэй болгох ажил хийгддэг. Эхний ээлжинд үхсэн, хатсан, гэмтсэн, хуурайшсан мөчрийг, шижмээс ургасан найлзуурыг, нэг нэгнээ халхалж ойртсон мөчрийг огтолно. Ингэснээс бутлаг мод нь хэлбэржүүлэлттэй болж үзэмжтэй байдлыг бий болгож байдгаараа ногоон байгууламжийн арчилгааны чухал ажилд тооцогдоно. Хэлбэржүүлэх тайралтаар модны титмийг ижилсүүлэх, хэлбэрийг нь жигдрүүлэх зорилгоор удаан ургалттай модны сүүлийн жилийн өсөлтийн 25-аас 30%-ийг, түргэн ургалттай модны өсөлтийн 60-аас 75%-ийг тайрна. Жижиг салаа мөчрүүд болон үзүүр хэсгийг тайрч хэлбэржүүлсэнээр ногоон масс нэмэгдэн өтгөрөх, гол иш мөчрүүд илүү бүдүүрч, үндэс нь тэлж ерөнхий мод хүчтэй болдог. Мөн гадны салхи, шуурга, аадар бороо, хүйтрэлт, хөлдөлт зэрэг байдлын нөлөөнд илүү тэсвэртэй болдог. Мод хоорондын зай өндөр намыг тохируулснаар өвчлөл гэмтэл нь буурдаг. Бага зайд өндөр ашиг шимтэй үзэмжтэй байх нөхцөл бүрддэг. Модонд маш уран тайралт хийснээр дээд хэсэгт нь төрөл бүрийн хэлбэр үүсгэн ургуулж болно. Зөв ургалттай хэлбэртэйгээр модыг ургуулснаар хотын болон айл өрхийн ногоон байгууламжийн өнгө үзэмж сэргэнэ. Хэлбэржүүлэлтийн ажлыг дөрвөөс наймдугаар сарын хооронд зориулалтын хайч хөрөө ашиглан хийдэг. Тэгэхдээ хэлбэр муутай, газраар налж ургасан, тахирлаж мушгирч ургасан, хугарч гэмтсэн мөчрүүдийг модны хайч буюу хурц хутгаар тайрна. Бутанд тайралт зөв хийж хэлбэржүүлбэл жимс томорч ургац сайжирна. Аж ахуйн зориулалтаар тарьсан жимсний модны хувьд үр жимсийг түүхэд амар болж техник ашиглахад хялбар болдог. Жил бүр хатсан хугарч гэмтсэн турь муухан, жимс цөөхөн гардаг мөчрийг тайрч засал хийнэ.
Жимсний бутны таналт, тайралт, хэлбэржүүлэлийн ажлын явцын хувьд. Нэгдүгээрт модны аль ч хэсэгт байгаа үхэж хугарсан, хатсан ба цаашид ургах чадваргүй мөчрүүдийг угаар нь, хоёрдугаарт өвчилсөн болоод суганы илүү мөчрүүдийг, гуравдугаарт шүргэлцсэн болон доош унжсан мөчрүүдийг, дөрөвдүгээрт үндсэн гол ишний доод хэсэгт ургасан болоод үндэснээс нэмж буталж гарсан иш мөчрүүдийг, тавдугаарт гол ишний тэнцвэр алдагдуулсан болон ачаалал даахгүй хугарах мөчирүүд тайрдаг. Манай орны жимсгэний гол тарьмалууд болох үхэр нүд, улаалзгана, бөөрөлзгөнө, тошлой, чацаргана, монос, үрэл, нохойн хошуу зэргийг ургалтын хугацаанд бутыг танах, хэлбэржүүлэх ажлыг заавал хийдэг. Тухайлбал үхэр нүдний суулгацыг тарьсны дараа модыг хэлбэржүүлэх тайралт эхний жилийн найлзуурыг богиносгох үүндээс анхны жил суулгац тарьснаас хойш мөчрийн нахиа задралтаас өмнө хавар 2-3 нахиа үлдээж үзүүрийг тайрна. Модны титмийг заасан хэмжээгээр хэлбэржүүлэх үүднээс 2 дахь жилд хамгийн сайн үндэслэж хөгжсөн 3-4 мөчрийг үлдээж бусдыг тайрна. Цэвэрлэгээний огтлолт (хатсан мөчрийг тайрах) үүднээс дараах жилүүдэд хөлдсөн гэмтсэн, өвчилсөн мөчрүүдийг цэвэрлэх замаар таналт хийх ба 4-өөс дээш настай бутанд засалт, таналт хийж хэлбэржүүлнэ. Гэрэл нэвтрэлтийг сайжруулахын тулд сийрүүлэх огтлолт (өмнө ба дараа) хөгшин модыг залуужуулах огтлолт хийхдээ 5 настай бутанд таналт хийж хэлбэржүүлэхэд гол мөчрүүдийг үлдээж шарлаж муудсан мөчрүүдийг жил бүр тайрч авна. Ийнхүү 5-6 настай бут янз бүрийн насны мөчрүүдээс ишнээс бүрэлдсэн байна. Цаашид жил бүр хатсан хугарч гэмтсэн турь муухан, жимс цөөхөн гардаг мөчрийг тайрч засал хийнэ. Тэрчлэн цөөхөн салаа мөчиртэй модыг 4 дахин богиносгон тайрна. 6-7 настайгаас хуучирч хөгширсөн мөчрүүдийг цөөлж, залуу мөчрүүдийг үлдээн залуужуулж байх нь чухал. Мөн газраар налж ургасан, тахирлаж мушгирч ургасан, гэмтсэн мөчрүүдийг доош нь дарж ишийг нь дагуулж газраа хонхойлж ишийг нь булж дээрээс нь шорооноосоо мултарахгүйгээр шороогоор манаж юм даруулснаар мөчрөөр үндэслэж ургах боломжтой болдог ба бүрэн үндэслэсэн үед гол ишийг нь таслан салгаж шинэ бут үүсгэн салган авч өөр газар тарих боломжтой болдог. Гол ишийг үндэснээс дээш 1м зайд хүртэл мөчир байхгүй байх нь нарны элч хөрсөнд нэвтэрч халалт дулаан өгч үндэсний ургалтанд нөлөөлж, хортон шавьж хорхой навчаар давчин дээшлэн өвчлүүлэхгүй нөхцөл үүсгэдэг. Цэвэрлэгээний огтлолтыг титэмд гэрэл нэвтрүүлэлтийг жигдрүүлэх, титмийн агааржилтыг сайжруулах зорилгоор хийнэ. Залуужуулах огтлолыг чимэглэлийн шинжээ алдсан хөгширсөн ургамалд хийнэ. Нийт уртын 50-75% -ийг огтолсноор шинэ найлзуурууд сэргэн ургана. Хугарсан, гэмтсэн мөчир, найлзуурыг хурц хутга, мөчир тайрагч хайчаар эгц огтолж тэр хэсэгт тосон будаг түрхэж хамгаалсан байна.
Үржүүлгийн ажилд тайралтыг ашиглах нь. Мод бут сөөгийг үрээр, мөчир салаагаар бэлтгэн, хэвтээгээр, босоогоор нахиа дарж, үндэсний шижмээр, залгалтын аргаар үржүүлэх гэх мэт олон аргууд байдаг. Аливаа мод бутыг үрээр тарих гэж байгаа бол ирээдүйн таримлын ургалт, хэлбэр болон ургац нь ямар соорт гэдгээсээ хамаарах учир үр боргоцойг аль болох шилмэл соортуудаас түүж бэлтгэх ажил системтэй явагдаж байх хэрэгтэй. Харин мөчир бэлтгэн үржүүлэхэд намар 10-дүгээр сараас 3-дугаар сар хүртэлх хугацаанд модожсон мөчир, зун 6-7 сард ногоон мөчир тайралт хийн бэлтгэн тусгай идэвхжүүлэгч бодисын тусламжтайгаар шинээр үндэслүүлж үржүүлнэ. Нахиа дарж үржүүлэхэд ихэвчлэн жимсний бут болон үхрийн нүд, тэхийн шээг, чацаргана гэх мэт, чимэглэлийн болох голт бор, хайлаас шар хуайс гэх мэт бут сөөгийг ургаа байдлаар нь үндэсний хүзүүнээс дээш 2-30 см хөнгөн хөрсөөр битүү овоолон булахад булагдсан нахиа бүр үндэс аван үржинэ. Мөн үүн¬тэй адилаар мөчрийг аажим налуулан хэвтүүлж 5-10 см зузаан хөр¬сөөр хучихад нахиа болгон газ¬раас шинэ ургамал үүсгэн ургана. Залгалтын аргаар үржүүлэхэд ихэвчлэн нэг ургамлыг нөгөө ургамалтай холбон залгас¬наар шинэ соортын ургамал гарган авдаг. Тухайлбал өрлийн модон дээр алимны модыг залгаж суулгадаг. Өрлийн модны үндэс нь хүйтэнд тэсвэртэй чанарыг нь ашиглан алимны мод тарихдаа залгаас хийдэг гэсэн үг. Модны мөчир, нахиа залгаж дахин хоёр жил бойжуулсны дараа алимны модны суулгац бэлэн болдог. Ингэсэн тохиолдолд залгааснаас дооших хэсэг нь үндсэн өрлийн мод байдаг тул шинээр гарч ирсэн иш мөчрийг байнга тайралт хийдэг. Үндэсний шижмээр ургуулахад ихэвчлэн үндэсний шижмээр салж ургадаг хамгийн өргөн тариалдаг чацаргана, бөөрөлзгөнө зэрэг ургам¬луудыг үржүүлэх боломжтой. Суулгацаар тариалсан ургамал нь үндэсний систем тэлж эх ургамлаас тодорхой зайд эх ургамалтайгаа үндсээр холбогдож шинээр ургамал үүсч байна гэсэн үг бөгөөд ургалтын хоёр дахь хавар эх ургамалтай холбогдсон үндсийг таслан салган авч тусгаарлан өөр нүхэнд суулгаж үржүүлж болдог.
Тайралт хэлбэржүүлэлт хийж амьд хайс, хашлага, салхины хамгаалалтын үе хийдэг. Огтлолтын эрчмийг сул, ердийн болон хүчтэй гэж ангилна. Огтлолтын эрчим нь ургамлын нэр төрөл, нас, титмийн төлөв байдлаас хамаарна. Сул эрчимтэй огтлолт нь жилийн өсөлтийн 25-30%-иас хэтрэхгүй, 2-3 нахиа үлдээнэ. Хуучин ба шинэ огтлолтын хооронд 6-10 см урт найлзуур үлдээнэ. Ердийн эрчимтэй огтлолт нь жилийн найлзуурын өсөлтийн уртын 50 хүртэлх хувийг богиносгоно. Үзүүрийн найлзуур уртасч, навч хэмжээ томорч, титэм өтгөрдөг. Хүчтэй эрчимтэй огтлолт нь хурдан ургалттай улиасны төрлийн модонд найлзуурын жилийн өсөлтийн уртын 60-75% хүртэл огтолсноор найлзуурын өсөлт идэвхижиж, навчны хэмжээ томорч, титэм өтгөрнө. Мод, сөөгний титмийн жигд өсөлт, гадаад үзэмжийг харгалзан хавар эрт, намар орой титмийг хэлбэржүүлэх, цэвэрлэх, залуужуулах тайралт хийнэ. Хайлаас, шар хуайс, хус, боролзгоно, бургас, улиас, гольт бор, бүйлс, гүйлс зэрэг бутлаг болон навчит модууд нь нэг талаар өргөн тархсан чимэглэлийн ургамал бөгөөд нөгөөтээгүүр тайралт, хэлбэржүүлэлт, хяргалтыг маш сайн даадаг учир амьд хайс, хашлага, салхины хамгаалалтын үе хийхэд олон улсад өргөн ашиглагддаг. Үрээр амархан үржүүлдэг, хөрс голдоггүй ямарч хөрсөнд сайн ургадаг, усалгаа бага шаарддаг, халуун ба хүйтэнд тэсвэртэй зэрэг давуу талыг нь ашиглан бусад модноосоо эхэлж хэлбэржүүлэлт хийх тарих нь зүйтэй. Жимсэлдэг мод бутны хувьд нас гүйцсэн мод нь тайралгүй зөнд нь ургуулбал үр жимсийг нь авч болохооргүй хэт өндөр ургадаг учир аж ахуйн зориулалтаар эсвэл айл хашаандаа эрчимжсэн байдлаар өндөр ургац авахын тулд анхнаас нь зөв засаж хэлбэржүүлэн ургуулбал хэт өндөр ургуулахгүйгээр өндөр ургац авах боломжтой байдаг. Мөн ямар ч модны ургалт жимсэлтэнд нарны тусгал, хаврын хүйтрэлтэнд өртөх байдал, дулаан нөмөр орчин, салхи шуурганы нөлөө, хөрсний чийг, бордоо дутагдах, хүчтэй салхи шуурга, мөндөрт цохигдох, хорхойд идэгдэх нь ургалтанд нөлөөлж ургац муугаар нөлөөлдөг учир зөв хэлбэржүүлж засах нь олон талын ач холбогдолтой.
Тарьсан модонд ургалтанд нөлөөлөх зүйлс. Хот орчмын мал, мэрэгч амьтад туулай, оготно зэрэг сүйтгэгчид их. Ялангуяа мал байгаа газарт тарьж ургуулсан мод, бут тэдгээрийн малын хоол тэжээл болох нь харамсалтай. Мод тарих газар мал болон мэрэгчид орхооргүй хашаатай байх ёстой. Учир нь мал болон мэрэгчид модны оройн торгон ургалтын гол ишийг нь түрүүлж идсэнээр зарим мод ялангуяа шилмүүст мод цаашид ургах чадваргүй болдог. Жишээ нь туулай нь нялх модыг угаар нь хайчилсан мэт иддэг. Усалгаанаас гадна модны ургалт жимсэлтэнд нарны тусгал, хаврын хүйтрэлтэнд өртөх байдал, дулаан нөмөр орчин, хөрсний чийг, бордоо дутагдах, хүчтэй салхи шуурга, мөндөрт цохигдох, хорхойд идэгдэх нь ургацад муугаар нөлөөлдөг учир ямар ч зөв хэлбэр болоод ургалттай мод эдгээрт өртөх магадлал бага байдаг. Тухайлбал нэг мод нь нараа хааж хэт өндөр ургавал түүний сүүдэрт байх мод нь нарны гэрэл дулаан мэдрэх гэж хэлбэр муутайгаар сунаж ургадаг. Энэ нь эргээд салхи шуурганд тэсвэргүй, нарийхан, ургалт муу, жимслэлтэнд муугаар нөлөөлдөг. Тиймээс мод, жимс, жимсгэнийг тарьж ургуулахдаа түүний амьдрах нөхцөлийг бүрэн хангахгүй бол ургалт муудаж, үр жимсээ өгөх хэмжээ өөрчлөгддөг. Мөн модоо услахдаа нас, хур чийг, хур тунадас уналтын байдлыг харгалзан хэмжээг нь тохируулж услахгүй бол хэт хатах болон үндэс ялзрах эрсдэл үүсч ургалтын хэлбэрт нөлөөлдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс мод ургамал тарьж байгаа хүн тарих ургамлаа оновчтой зөв байрлуулах, хоорондын нөлөөллийг тооцох, суулгацаа зөв тарих, арчлан тордох арга технологийг цогцоор нь сайтар эзэмшсэн байх явдал юм. Харин хүний хүчин зүйлээс хамгаалахын тулд тарьсан мод, сөөгний суулгац, зүлгийг хүн, машин, малын хөлд гишгэгдэхээс хамгаалж хайс хийж, явган хүний зам гаргах хэрэгтэй. Модонд шим тэжээл дутагдвал мод давжаа болдог учир хөрсийг ялзмагтай, шим тэжээлтэй болгож сийрэгжүүл, шим тэжээллэг байхаар бэлдэх нь үндэс хурдан тарж бэхжин ямар ч ургамлын цаашдын сайн өндөр ургалтад нөлөөлдөг.Түүнчлэн ямар ч мод бут нь нарны гэрэл дулаан авч байж илүү өтгөн сагалгар иш мөчир сайтай бахим ургадаг. мод хоорондын зай хэт ойртвол мод өвчилдөг. Модны мөчрүүд нь хоорондоо шүргэлцэж, нар салхи нэвтрүүлэхгүй болвол өвчлөл үүсэхээс гадна буруу хэлбэртэй ургадаг. Жимсний бутлаг модыг зөв хэлбэржүүлэн тайралт хийж байж өндөр ашиг шим хүртэх боломжтой. Гэхдээ үүнийг мэрэгжлийн хүнээс аль иш мөчрийг нь тайрах талаар заавал асууж байж хийгээрэй. Мод зөв хэлбэртэй ургах нь харагдах байдлаасаа үзэмжтэйгээс гадна нь хот төлөвлөлт, эрүүл мэнд, агаар чийгшүүлж, сүүдэрлэх, сэрүүцүүлэх зэргээс гадна дуу чимээ намсгах, гэрэл гялбахаас хамгаалах, хүүхэд багачуудад сургалт хүмүүжил танин мэдэхүйн ач холбогдол гээд олон үүрэгтэй байдаг байна.
”ХҮН БҮР МОД ТАРЬЯ”